AWS re:Invent 2020 —Recap Part 1 (in Mongolian)

AWS re:Invent 2020 —Recap Part 1 (in Mongolian)
TL;DR. Хөл хорионы үеэр гэртээ сууж байгаад л хүссэн мэдээллээ авах бүрэн боломжтой ч маш их мэдээллээс хэрэгтэйгээ шүүж унших амаргүй шүү дээ. Бид 11 сарын 30-ны өдрөөс эхэлсэн 3 долоо хоногийн турш үргэлжлэх AWS re:Invent 2020 арга хэмжээний эргэн тойронд болсон онцлох үйл явдлууд, эшлэл, чухал мэдээллүүдийг тоймлон хүргэхээр боллоо. Нийт 3 цуврал нийтлэл бичигдэх бөгөөд дотроо Бизнес болон Технологи гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэх тул сонирхсон хэсгээ алгасан унших боломжтой.

Дэлхий дээр цахим шилжилтэд нэвтрээгүй сектор гэж байхгүй бөгөөд дэлхий дээр хамгийн том компаниуд бүгд технологийн салбарынх. Сүүлийн 10 жилийн дотор л гэхэд маш олон Unicorn start-up шинээр бий болсон нь үүлэн технологийн хөгжлийн шуургатай давхацдаг бөгөөд энэ шуургыг 2006 онд Amazon Web Services (AWS) анхны олон нийтэд зориулсан Cloud үйлчилгээг танилцуулж эхлүүлснээр, IT-ийн экосистемийг үндсээр нь өөрчилж, гүйлтийн зам дээрх “Технологийг хөгжлийн” уралдааныг Formula 1 тэмцээн болгон хувиргасан юм.

Жил бүрийн XII сард AWS компанийн хамгийн том арга хэмжээ болох AWS re:Invent арга хэмжээ болдог бөгөөд үүлэн технологийн тэргүүн тоглогчийн хувьд өөрсдийн шинээр нэвтрүүлж буй үйлчилгээ, амжилт ололтоосоо олон нийтэд танилцуулдаг. Энэ жилийн арга хэмжээ виртуалаар (Одоо ч бүртгүүлж болно) болж буй нь бидэнд 3 долоо хоногийн турш салбарын мэргэжилтнүүдийн илтгэл, контентууд, шинэ технологи, сургалт гээд мэдээллийн “Цунамиг” үнэгүй авах боломжийг өгч байгаа юм.

Энэ жил 500,000 орчим хүн AWS re:Invent-д бүртгүүлсэн нь энэ арга хэмжээг ямар их үнэ цэнтэй, хүлээлттэй байсныг харуулж байна

I хэсэг — Бизнес

AWS компанийн гүйцэтгэх захирал Andy Jassy дэлхийн цар тахлын тухай, компаниуд яагаад бизнесийн зохион байгуулалтаа байнга шинэчлэх (reinvention) шаардлагатайг, үүнийг амжилттай хэрэгжүүлэх 8 түлхүүр соёл зэрэг олон сэдвүүдийг хамарсан 3 цагийн илтгэлээр AWS re:Invent 2020 арга хэмжээг эхлүүлэв.

Andy Jassy-н илтгэлийн онцлох эшлэлүүдээс

Үүлэн технологи дахь COVID-19 нөлөөлөл:

  • Хөл хорионы эхний 10 сарын хугацаанд дэлхийн бараг бүх компаниуд, түүний дотор AWS хүртэл аль болох зардлаа бууруулж, хэмнэлт бий болгохыг хичээсэн
  • Цар тахлын үеэр компаниуд оффисоо хааж, зайнаас ажиллаж, онлайн худалдаа эрхлэгчид болон телевиз, кино, видео бизнес эрхлэгч компаниуд үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангахын тулд үүлэн технологийг илүү ихээр хэрэглэх болсон
  • Түүнчлэн үүлэн технологид шилжих талаар олон жилийн турш ярьж байсан компаниуд бодит төлөвлөгөө гаргаж эхэлсэн байна
  • Энэ нь цар тахлын үеэр компаниудад нэг алхам ухарч, юуг зөв буруу хийж байгаагаа дахин бодож бизнесийн зохион байгуулалтаа шинэчлэх боломж олгосон нь үүлэн технологийг бодитоор үнэлэх сэдлийг үүсгэсэн — Reinvention
  • Үүлэн технологийн хөгжлийн түүхийг эргээд харвал энэ цар тахал үүлний хөгжлийн хурдыг хэдэн жилээр түргэсгэсэн байх болно

Яагаад reinvention чухал гэж:

  • 1955 оны Fortune 500 компаниудаас ердөө 10.4% нь 2019 он хүртэл уг жагсаалтад үлджээ.
  • Ижил үйлдэл хийж, өөр үр дүн хүлээнэ гэдэг галзуурал. Үүнтэй адилаар бизнес эрхлэгчид урт хугацааны, тогтвортой өсөлтийг үзүүлэх бизнесийг бий болгохын тулд зах зээлийн хямрал, хэрэглэгчийн эрэлт, өрсөлдөөнд дасан зохицож, компаниа дахин зохион байгуулалтад тасралтгүй оруулж байх зориг, чадвартай байх ёстой
  • Амжилттай reinvent хийж бизнесээ өргөжүүлсэн компаниудын нэг Netflix бөгөөд DVD түрээсийн үйлчилгээг зоригтойгоор халж, SaaS суурьтай бүтээгдэхүүн хөгжүүлэлж эхэлсэн нь тэднийг өнөөдрийн өндөрлөгт аваачсан байна

Өрсөлдөгч компаниудаа шударгаар шүүмжлэв:

  • Зарим компаниуд таны асуудалд анхаарлаа хандуулах бус өрсөлдөгчдийнхөө хийж буй зүйлийг ажиглан аль болох хурдан гүйцэж түрүүлэхийг хичээдэг. Тэдний нэг нь эндээс холгүй, Washington нуур цаана оршиж байна (Microsoft компанийг хэлж байна)
  • Тэд хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэхэд төвлөрөхийн оронд өөрсдийн cool гэж бодсон хөгжүүлэлтийг хийдэг бол AWS үйлчлүүлэгчдэдээ төвлөрч ажилладаг
  • Бидний бүтээж буй зүйл таны хүсэлт, шаардлагаас шууд хамаарна. Хэрэв та юу хүсэж байгаа, танд юу хэрэгтэйгээ тодорхойлж чадахгүй байсан ч гэсэн бид таны өмнөөс хэрэгцээ, онцлог шаардлагыг чинь тодорхойлж, хэрэглэгчид төвлөрсөн үйлчилгээг үзүүлэх болно

Технологийн талаар:

  • Бидний виртуал серверийн үйлчилгээ (EC2) дэлхий дээр хамгийн шилдэг нь… Бид хамгийн хурдан сүлжээтэй сервер (100–400 Gigabit per seconds), хамгийн том санах ойтой сервер (24 TeraByte RAM), хамгийн том дисктэй сервер (D3en instance 336 TeraByte), хамгийн хүчирхэг машин сургалтын сервер (P4ds instance) хэрэглэгчдэдээ санал болгож байна. Мөн бид дэлхий дээр анх удаа macOS cloud-г танилцууллаа. Бид Intel, AMD болон Arm компаниудтай хамтардаг цор ганц компани бөгөөд тасралтгүй урагшилсаар байна
  • Бид 2017 оноос өөрсдөө hardware үйлдвэрлэж эхэлсэн (Nitro and Graviton Chips) бөгөөд хэрэглэгчдэдээ хамгийн үр дүнтэй, хурдан үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна
  • Container технологийн хэрэглээ маш хурдацтай өсөж буй бөгөөд ECS үйлчилгээг ашигладаг 100,000 хэрэглэгч байна.
  • Oracle, Microsoft database — Хэрэглэгчдэд хамгийн “ээлгүй” өгөгдлийн сан. AWS компани өгөгдлийн сан удирдах RDS үйлчилгээ гаргаад 10 жил болж буй бөгөөд хэрэглэгчид MySQL, PostgreSQL гэх мэт open-engine суурилсан database системийг илүү хэрэглэх болсон талаар дурдлаа. Эсрэгээрээ төлбөртэй database систем (Oracle, Microsoft) хэрэглэгчдэд тийм ч их давуу тал олгохоо больсон бөгөөд хэрэглэгчдийн хүсэлтээр энэ асуудлыг шийдэхийн тулд бид Aurora Database-г бий болгосон. Энэ нь MySQL, PostgreSQL-д суурилсан бөгөөд энгийн үнэгүй хувилбараас хурдан, найдвартай ажиллагааг санал болгож байна

2020 онд AWS тоон үзүүлэлтээр:

  • AWS дангаараа дэлхийн 5 дахь том мэдээллийн технологийн компани болжээ
  • 2020 оны байдлаар AWS аль хэдийн 200+ төрлийн үйлчилгээг санал болгож байна
  • 2019 онд 35 тэрбум ам.долларын орлого олсон нь бусад том өрсөлдөгч болох Google, Azure, Alibaba нарыг нийлүүлснээс ч өндөр тоо
  • Дэлхий дээр 3 вебсайт тутмын нэг нь AWS-г ашигладаг. Netflix, Twitch, AirBnb, Adobe, Spotify гэх мэт бараг бүх томчууд. Сонирхолтой нь Linkedin, Facebook, Baidu хүртэл хэрэглэгчдийн жагсаалтанд байх бөгөөд хамгийн том үйлчлүүлэгчдийн жагсаалтыг үзнэ үү.
  • 2020 онд компанийн орлого 46 тэрбум доллар хүрсэн нь өнгөрсөн жилээс 29% өссөн
AWS жилд 10 тэрбум ам.долларын орлого олдог болох гэж 10 жил

Жилд 20 тэрбум ам.доллар олдог болоход 23 сар

Жилд 30 тэрбум ам.доллар олдог болоход 13 сар

Жид 40 тэрбум ам.доллар олдог болоход болоход 12 сар тус тус зарцуулсан байна

II хэсэг — Технологи

1. macOS all the way!

Тиймээ! энгийнээр бол macOS хүн бүрийн гарт ирж байна гэсэн үг. Мобайл маш хурдацтай хөгжиж байгаа хэдий ч Apple-д зориулж app хөгжүүлэхэд заавал Macintosh компьютер шаардлагатай байдаг билээ. Урдаа “i” үсэгтэй бүтээгдэхүүн бусдаас үнэтэй байдаг нь “тавилан” хэдий ч, ямар ч асуудалд шийдэл олддог нь бас л тавилан юм даа.

Thank god sending us an AWS

Apple hardware (Apple mac mini computer дэд бүтэцтэй) дээр суурилсан виртуал технологийн хүчээр бид хүссэн үедээ (on-demand) macOS систем бүхий EC2 виртуал сервер үүсгэх боломжтой болж байна. Хэмжээг нь хүссэнээр өөрчилж, iPhone, iPad, Mac, Apple Watch, Apple TV, Safari-д зориулсан application хөгжүүлэхэд шаардагдах build & test хийж, хамгийн гол нь хэрэглэснээрээ төлбөрөө төлөх боломжтой болж байна. Хөгжүүлэгчид маань өндөр үнэтэй Mac худалдаж авахын өмнө бас нэг хувилбар нэмэгдэж байна гэсэн үг. Мэдээж open-source Linux, түгээмэл Windows үйлдлийн системийг бодвол арай өндөр үнээр хэрэглээнд нэвтрэх байх.

Одоогоор дараах бүсүүдэд уг үйлчилгээ нээлттэй байна: US East (N. Virginia), US East (Ohio), US West (Oregon), Europe (Ireland), Asia Pacific (Singapore)

Update: Хэр үнэтэй вэ?

N.Virginia region дээр Instance type дараа байдалтай гарч ирж байна

Уг үйлчилгээ Mac mini computer дээр суурилж бий болсон гэдгийг бичсэн. Энэ нь Bare metal as a service буюу яг ч цэвэр Compute virtualization технологи биш гэсэн үг бөгөөд тухайн компьютерыг on-demand сервис байдлаар хэрэглүүлж байна гэсэг үг юм. VIII үеийн 6 core бүхий Intel Core i7 (Coffee Lake) процессор, 32GB санах ой бүхий macOS Catalina 10.15.7 системтэй Instance-г хамгийн багадаа 24 цаг ашиглах нөхцөлтэйгөөр түрээсэлж болох бөгөөд цагийн $1.083 үнэтэй байна. Үүнтэй ижил үзүүлэлт бүхий Mac computer ойролцоогоор $1,900 ханштай бөгөөд энэ нь AWS-с 73 өдрийн турш mac instance түрээслэх дүнтэй тэнцүү юм.

Дэлгэрэнгүй:

2. Containers, containers & containers…

Microservices, Cloud Native, Lambda, Netflix хэмээх ойлголтууд бүгд контейнэр технологитой нягт хамааралтай учраас FIBO-н гэр бүлийнхний хэлэх дуртай үг бол “Хорвоо дээрх бүх зүйл контейнэр…”

Энэ удаад ч AWS контейнэр технологийг мартсангүй…

AWS EKS open-source боллоо!

AWS-н өөрсдийн хөгжүүлсэн EKS буюу Managed Kubernetes cluster management системээ EKS-D (Amazon EKS Distro) болгон open-source-д хандивлалаа.

EKS доторх k8s core component-үүд public registry дээр тавигдсан байдал

Cloud computing хөгжлийн дараагийн эрин үед K8s том байр суурь эзлэх нь тодорхой болсон гэж үздэг бөгөөд уг өрсөлдөөнд AWS ч гэсэн хувь нэмэр оруулахыг хүссэн бололтой. Учир нь K8s контейнэр удирдлагын системийг анх Google компани эхлүүлснийг хожим open-source болгон зарлаад CNCF хэмээх олон нийтийн бүлгэмд шилжүүлэн өгсөн. Тиймээс K8s-тэй холбоотой бүхий л зүйлд Google тэргүүн магнайд явдаг… Хамгийн гол нь Community!

Дэлгэрэнгүй:

AWS ECS, EKS-г хаана ч ажиллуулж болно

AWS дээрх Container orchestration шийдэл болох EKS, ECS үйлчилгээг ашиглахад бид өөрсдийн эзэмшлийн серверүүдийг оролцуулах боломжтой болсон байна. Энэ нь cloud рүү шилжихийн тулд зөвхөн AWS дээрх серверийг л ашиглах шаардлагагүй болж байна гэсэн үг бөгөөд үндсэн Orchestration систем болох control plane нь AWS талдаа ажиллуулж харин контейнэруудаа буюу task-уудаа өөрсдийн сервер дээр олон зүйл тохируулахгүйгээр хялбар аргаар ажиллуулах боломжтой боллоо (Микросервис системүүд дээр зардлаа хэмнэхийн тулд иймэрхүү Hybrid архитектурыг түгээмэл ашигладаг бөгөөд үүнийг хөгжүүлэгчид өөрсдөө зохион байгуулдаг).

Дутагдалтай тал:

Найдвартай ажиллагаа бүхий Orchestration cluster-г multi-zone байдлаар тараан байрлуулахад Latency, Security болон Distributed storage-н асуудлууд хамгийн хэцүү байдаг. Бодит орчинд хэрэглэхэд эдгээр асуудлуудаас шалтгаалж хоцрогдол үүсч улмаар системийн ажиллагаанд доголдол үүсэх гэх мэт ноцтой аюул учирч болзошгүй. Ялангуяа Монгол улс AWS дата төвийн хооронд сүлжээний хоцрогдол багадаа ~50ms байдаг.

Дэлгэрэнгүй:

Spot instance EKS-г дэмждэг боллоо

Spot instance гэдэг нь AWS дээрх хэрэглэгдэхгүй байгаа хоосон серверийг тухайн цаг үед нь хямд үнээр ашиглах (Үндсэн үнээс 90% хүртэл хямд байдаг) боломжийг бүрдүүлдэг хэдий ч уг сервер хэзээ ч зогсон унтрахад бэлэн байдаг “баталгаагүй” Instance-г хэлдэг. Тэгэхээр mission critical бус task-oriented ажлуудыг Kubernetes дээр ажиллуулах тохиолдолд зардлаа хэмнэх үүднээс Spot instance ашиглах боломжтой болж байна.

Дэлгэрэнгүй:

4. Block store — Виртуал хард диск

Дискний технологи үргэлж хамгийн хүнд бас хамгийн чухал нь байсаар ирсэн.

gp3 volume type

Block storage дээр General purpose төрөл дараагийн инноваци руу шилжиж gp3 төрлийн диск хэрэглээнд нэвтэрлээ. Энэ нь хуучин gp2 төрлийн дисктэй харьцуулахад унших бичих хурд IOPS болон Throughput-г динамикаар тохируулах боломжтойгоос гадна 20% хямд болсон байна.

io2 block express EBS volumes with higher throughput

Хурдны галт тэрэг /express/ хурдаар холбогддог disk-н төрлүүд боломжтой болсон мэдээ байна. Энэ нь AWS Nitro Systems хэмээх өндөр хурдтай сүлжээний дэд бүтэц дээр суурилсан бөгөөд Cloud орчин SAN зохион байгуулах боломж бий болсон тухай бичиж байна.

Дэлгэрэнгүй:

5. Babelfish for Amazon Aurora PostgreSQL

AWS-н хайртай охидуудын нэг Aurora дээр шинэ зүйлсүүд мөн гарчээ. Relational Database төрөлд Oracle, Microsoft SQL лицензийн төлбөртэй гэдэг шалтгаанаар хэрэглэгчид open-source database рүү шилжиж байгааг дараах графикаас харж болно.

Oracle, MS SQL-н хэрэглэгчдийг дээрэмдэх хэрэглүүрүүд (Database Migration Service, Schema Conversion Tool…) AWS дээр байдаг бөгөөд энэ удаад MS SQL болон Aurora PostgreSQL нарыг холбох дундын layer гаргаснаа зарлаж байна. Өөрөөр хэлбэл MS SQL дээрх data-г Postgres interface-ээр дамжуулж удирдаж болно (програмаа Postgres адаптер дээр бичнэ) гэсэн санаа. Үүнийгээ мөн open-source болгожээ.

Massive-scalable, open-source, lightweight database engine (MariaDB, Postgres, MongoDB, Cassandra, Redis, Elastic search …) зөндөө бий болсон үед өөрсдийгөө хөгжүүлэх үү? эсвэл дээшээ харж хэвтэнгээ, лицензийн өндөр төлбөр төлсөөр байх уу? Энди Жэссигийн хэлээд байгааг бодож үзэх л хэрэгтэй.

Мөн Aurora Serverless хувилбарыг version 2 болгон ахиулсан байна. Байнгын ажиллагаа бүхий Database engine ажиллуулахгүйгээр on-demand буюу ашиглах үед л төлбөр бодогдож бусад үед “унтаа” байдаг өгөгдлийн сан гэсэн үг. Энэ нь хэрэглэгчид төлбөрийг маш ихээр хэмнэх боловч яг гоё хэрэглээтэй жишээ одоо болтол гарч ирээгүй л байна…

Үүний ард байгаа технологийг багахан сөхвөл AWS компани Lambda, Fargate гэх мэт event-driven тооцооллуудыг cold-start хугацаа шаардахгүйгээр ажиллуулахын тулд байнгын ажиллагаатай сервер асаадаг байсныг суурь виртуалчлалын түвшинд (KVM layer дээр) өөрчлөлт оруулж хэдхэн milliseconds дотор үйлдлийн систем, апплекэйшн бүхий машин provision хийдэг шийдлийг бүтээж Firecracker хэмээн нэрлээд өнгөрсөн жилийн re:Invent дээр зарлаж мөн л open-source болгон хандивласан билээ. Энэ орчинд цаашдаа хийгдэх инновациуд зөндөө бий байхаа…

Firecracker re:Invent 2019 дээр анх танилцуулдсан билээ

Дэлгэрэнгүй:

Хэрэг болохуйц холбоосууд

Эцэст нь нэгэн сонирхолтой Guinness World Record 😁😁😁

Арга хэмжээний эхний өдөр 335 хүн онлайнаар нэгэн зэрэг хундага 🍷🍷 тулгасан үйл явдлыг #GuinnessWorldRecord албан ёсоор бүртгэжээ. Биднээс өөр хүмүүс ч гэсэн уйддаг л юм байна 😂😂

Нийтлэлийг бичсэн: FIBO CLOUD